Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 29
С.Мягмар: Бид төрөнгүүтээ л реклам сурталчилгааны дунд амьдарч эхэлдэг
“Боролдой” студийн  захирал С.Мягмартай уулзаж, үзэл бодол, уран бүтээлийнх нь мөн чанарын талаар ярилцлаа.

-Реклам сурталчилгааны агентлаг, студи  300-аад байдаг юм  билээ. Харин танай Боролдой студи анхдагч нь. Та өөрөө “Загалмайлсан эцэг” гэгддэг. Таны амжилтын эхлэлээс яриагаа эхэлье?

-Анх “Боролдойн цаг” гэж шторк бэлдсэн маань энэ студийн нэр болж өнөөдрийг хүрсэн байна. “Боролдой хүү минь явлаа, болзсон цагтаа ирнэ ээ” гэхээр хүмүүс мэднэ дээ. “Монголын нууц товчоо”-нд “Торголжин баян Монголжингоо эхнэртэй, Боролдой Соёлбий залуу хүүтэй...” гэж гардаг. Яагаад ч юм тэр хэсгээс нэрээ авья гэсэн санаа төрсөн юм шиг байгаа юм. Уг нь бол “Боролдай” гэх учиртай боловч одоо “Боролдой” гээд дадчихсан. Тэр үед студид маань ажиллаж байсан хүмүүс өнөөдөр Монголын рекламны нэлээд томоохон төлөөлөгчид болчихсон явна. Жишээ нь, «Жи энтертайнмент», «Херо» энтертайнмент, «ST» студи, «Why Not» студи гээд л нэрлэж болно. Нэг ёсондоо “Боролдай” маань тараад  олон жижиг студи болж зах зээлд хоорондоо өрсөлдөж байгаа учраас биднийг загалмайлсан эцэг гэх болсон биз. 

-Анх бол хүүхэлдэйн кино бүтээж байсан. Хэрэв тэр чиглэлээрээ ажиллаж байсан бол одоо манайд энэ төрөл илт хөгжсөн байх байсан биз?

-Тийм ээ. Манай студийн анхны бүтээлүүдэд хүүхэлдэйн кино чухал үүрэгтэй байсан. Киноны их сургуулийн найруулагч-зураачийн ангийг төгсөх жилдээ хүүхэлдэйн киноны төрлөөр хоёр ч ажил хийсэн маань сайн бүтээл болсон байдаг. Гэсэн ч  «Боролдой» студи маань яг шилжилтийн үед дан хүүхэлдэйн киногоо хийгээд ажиллах нь санхүүгийн хувьд хэцүүхэн байлаа. Тиймээс бид хүүхэлдэйн киногоо рекламтай холбож эхэлсэн. Рекламны ажил, хүүхэлдэйн киноны ажил ч жигдэрч байтал Төрийн өмчийн хорооноос тогтоол гарч  «Боролдой» студийг “Монгол кино “ үйлдвэрт шилжүүлсэн юм. Хэрэв ингээгүй байсан бол бид рекламаас санхүүжээд хүүхэлдэйн киногоо орхихгүй хийсээр өнөөдрийг хүргэх байсан л даа.

-Та энэ урлагтай яаж холбогдсон юм бэ. Тухайн үедээ цоо шинэ салбар байсан нь лавтай.


-Их багаасаа суурь тавигдсан гэх үү дээ. Өвөө маань шаггүй үлгэрч хүн байсан. Бор гэртээ лааны гэрэлд, биднийг тойруулж суулгаад л үлгэр, туульсаас хэлж өгдөг байлаа. “Хан харанхуй” гээд туульсыг одоо хэвлээд үзэхээр өчнөөн олон хуудас болдог. Тэр үед өвөө маань уйгагүй хэлж өгдөг байж дээ. Би лав жаахан байхаасаа цээжээр мэддэг, уншаад л гүйж явдаг болсон байсан. Үлгэр туульс сонсож өссөн хүүхдийн хийсвэр сэтгэлгээг асар баялаг хэлбэрээр хөгжүүлдэг гэж боддог. “Арван таван толгойтой атгаалжин хар мангас  арын хар ууланд гараад...” гээд л сонсоход мангасыг өөрийнхөөрөө дүрслэн бодож эхлэдэг. Тэгээд “Татсан тамхиных нь утаа үүл мэт суунаглаад..” гээд үргэлжлэхэд тэр гайхалтай зүйрлэлүүдээс дүрслэн бодох чадвал нь баяжиж байдаг. Дотоод сэтгэл нь ийм баялаг дүрслэлтэй болохоор өөрийн эрхгүй гадагш нь гаргах шалтаг хайж эхэлдэг биз. Сургуульд ороод Дуламсүрэн гэж урт гэзэгтэй, сайхан эмэгтэйн шавь болсон. Багш маань надаар зохион бичлэг их хийлгэдэг байж. Тэндээс би анх бичих дөрөө олсон байх л даа. Тэгээд л ханын сонин энэ тэрд оролцож, зурах, сэдэхийн амтанд орж байлаа. Энэ бүгд нийлээд намайг зуруучийн ангид сурах сэдлийг төрүүлсэн. Ингээд Багшийн их сургуулийн зураачийн ангид сурч эргэлт буцалтгүйгээр уран бүтээлч болох сууриа тавьж авсан хэрэг.

-Орост хүүхэлдэйн киноны чиглэлээр суралцсан бил үү?


-Яг хүүхэлдэйн киноны чиглэлээр биш л дээ. Оросын Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Тэр үед би эхнэртэйгээ учирч урлагаас салахааргүй болтлоо “дөнгөлүүлсэн” хүн дээ. Яагаад гэхээр миний хань хөгжмийн их гэр бүлд өссөн хүн. Ардын жүжигчин Ж.Чулуун, Ч.Жамсранжав,удирдаач Ч.Чинбат гээд хөгжмийн хүмүүстэй би ураг барилдсан. Сонин шүү. Би урлагтай бас нэг сэжмээр салшгүй холбогдож, хөгжмийн ертөнцийг өөрийнхөөрөө судалж, ойртож билээ. Мягмар гэдэг хүн зураг, хөгжим, утга зохиол гээд улам олон сэжмээр урлагтай холбогдож, дээр нь бас би багш хүн, багшлах эрдэм эзэмшсэн учраас хүний сэтгэл зүй рүү нэвтэрдэг, нийтийн сэтгэл зүйг мэдэрдэг давуу талтай болсон. Энэ бүхэн нийлэхээрээ олон нийттэй харилцах, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу одоогийнхоор “пи-ар” болж байгаа юм л даа.

-Кино урлагт суралцах шийдвэр хаанаас гарсан юм бэ?


-“Боролдой” студи Монгол кино нэгдэлт очсон байх үед би хулганыг нь цаасаар урлаж, мини кадраар зургаа аваад анхны бүтээлээ хийж байлаа. Манай кино үйлдвэрийнхэн маань ч их дэмжиж, тэндээс намайг гадагш нь кино урлагийн сургуульд явуулах санаа гарч байсан түүхтэй.

-Тухайн үед реклам хийх санаа яаж гарсан бэ. Цоо шинэ зүйл байсан биз?


-Анзаарч чадвал бид төрөнгүүтээ л реклам сурталчилгааны дунд амьдарч эхэлдэг шүү дээ. Яг одоогийнх шиг биш ч гэсэн хуучин нийгмийн үед ч реклам байсан. Тэр битгий хэл манай аав, ээжийн үед дүнсэн тамхин дотроо алтан бөгж хийчихсэн, өнөөхийг нь олж авах гэсээр тамхинд орж байсан түүх ч бий.

-Заримдаа реклам хэрэггүй ч юм шиг санагддаг шүү дээ?

-Тийм биш. Реклам хэрэгтэйгээр барахгүй нийгмийн өнгө төрх, хөгжил дэвшлийг тодорхойлдог нэг зүйл. Реклам байгаагүй бол бид юуг нь сонгохоо мэдэхээ болино шүү дээ.

-Одоо бие биенээ хуулбарласан реклам их боллоо. Энэ танд ямар санагддаг бол?

-Чанартай, чадвартай, том компаниуд өөрийн байр суурь, өнгө төрхөө олсон шүү дээ. Харин жижгүүд нь олширчихлоо. Одоо шалгарал ид явагдаж байна. Энэ сайн боловч буруудаад хүний хийсэн юмыг дуурайх, хуулбарлаад байдаг нь тоогүй. Хуулбар гарч байгаа үйл явц нь их энгийн юм билээ. Захиалагч нь “Боролдой” студийн тэр реклам шиг хийгээд өгөөч гэдэг. Студи нь тэр захиалгыг биелүүлэхийн тулд тэр рекламны хоолойг уншдаг хүнийг гуйдаг ч юмуу, дүрсийг нь адилхан монтажилдаг юм билээ. Гэхдээ энэ нь надад ашигтай байдаг. Илүү шинийг эрж хай, шинээр сэтгэ гэж түлхэж, хурд шаардаж байдаг юм.

-Хүүхэлдэйн кино реклам хоёр бараг ялгаагүй юм шиг?

-Энэ хоёр ерөөсөө их ойрхон төрөл. Хүүхэлдэйн киног маш богино хугацаанд хийх ёстой. Таван секундын хүүхэлдэйн кино ч гэж байдаг. Тэр богино хугацаанд хийдэг чанар нь реклам руу ороход нөлөөлсөн байх.

-Та рекламаа хангалттай үнээр хийдэг үү?

-Янз бүр. Ер нь хатуу үнэ барьдаггүй. Мэдээж, салбартаа тэргүүлдэг, байр сууриа олсон томоохон компаниудад хангалттай нөхцөлөөр ажилладаг. Харин хөлөө олж ядаж яваа хүмүүсийг хатуу үнээр түлхдэггүй. Хөлс хүчээ шавхан байж олсон хэдэн төгрөгөөрөө үйлдвэр байгуулах гээд ядаж яваа хүн ч таарна шүү дээ.

-Рекламуудад зэрэглэл байх шиг санагддаг. Таныхаас хамгийн өндөр зэрэглэлийн реклам аль нь байж болох вэ?

-Бүтээгдэхүүн болгон хоорондоо адилгүй, үйлчилгээ болгон хоорондоо төсгүй байдаг. Хүн бүхэн өөр өөр юм хүсдэг учраас реклам болгонд өөрийн жижигхэн түүх бий. «Чингис» шар айраг миний хамгийн өндөр зэрэглэлийн реклам. Драмын өнгө аястай болохоор хүмүүсийн харц, үгнүүд, дүрслэлүүд нь дээд зэргийн болсон.

-Хүн бүр толгой дараалан мэддэг реклам гэвэл наалдан падыг гэх байх. Тэр санааг яаж олсон юм бэ?

-Энгийн, амархан бүтсэн мөртлөө хүнд илүү сайн хүрсэн. Наалдан пад гэж нэрийг нь би өгч байлаа. Бүтээгдэхүүн худалдаанд гарахын өмнө рекламыг нь хийх боллоо. Тэгж байтал Нямдорж, Гүндалай хоёр нэг их ширүүсэж байснаа эвлэрчихсэн. Үүн дээрээс л санаагаа олоод авсан. 

-Нэг реклам хийхэд хэр хугацаа шаардагддаг вэ?

-Гурав хоногоос хэтрэхгүй ээ.

-Монгол рекламны онцлог чанар гэж байх уу?

-Байна шүү. Бүтээгдэхүүнээ дагаад гадаадын маш хүчтэй рекламууд манайд цацагддаг. Гэсэн ч үр дүнд хүрдэггүй. Манайхан тийм рекламыг кино шиг үздэг, реклам юм гэж анзаардаггүй. Тэгэхээр монгол хүн, монгол реклам гэдэг ялгаатай.

-Танд өөр чиглэлээр ажиллая, сонирхоё гэсэн санаа төрдөг үү?

-Надад өөр ажил хийх сонирхол байхгүй. Рекламаа л хийж суух нь надад жаргал. Цаашдаа тав арван төгрөг олж ганц хүсэл болсон хүүхэлдэйн кинондоо л зориулья гэсэн зорилготой явж байна. Реклам хийнэ гэдэг чинь энд харагдаж байгаа цэцэг яг цэцэг мөнүү, цэцэг гэж нэрлэх ёстой ч юмуу, өөрөөр нэрлэж болох уу, ер нь энэ чинь цэцэг биш шүү дээ гэсэн гэж хүмүүст итгүүлэх чадварыг л хэлдэг. Түүнээс биш цэцгийг цэцэг гэж харахаас өөрөөр сэтгэж чадахгүй бол реклам хийх нь байтугай ойлгохгүй.

-Гаднаас тань харахад та өөрийнхөө рекламыг гайгүй сайн хийж чаддаг юм шиг санагддаг. Үүнтэй санал нийлэх үү?


- Хүн бүр хар аяндаа өөрийн гэсэн имижээ бүрдүүлж, түүгээрээ хүмүүст танигдаж явдаг шүү дээ. Сайхан, сайхан имижтэй хүмүүс зөндөө. Хамгийн гол нь хийж бүтээж яваа зүйл нь ил тод, үйл хөдлөл, ааш аяг нь ил байвал имиж аяндаа бүрддэг.  Тэр л ёсоор имиж маань бүрдсэн биз. Ер нь реклам хийдэг хүн том жижиг бүх зүйлийг өөр өнцгөөс харж чаддаг, хийж чаддаг байх шаардлагатай байдаг юм. Хийж бүтээснээрээ харвал миний имиж надад таалагддаг шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE дарна уу.Танд баярлалаа.
Түгээх
Сэтгэгдэлийг ачаалж байна...
STYLE